2012/05/17

Ц.Ганбаатар: Монголын залуучууд дэлхийг гийгүүлэх цаг удахгүй ирнэ

1 comments
-Ирж буй цагаасаа ярилцлагаа эхэлье. Хаврын улирал бүх зүйл шинээр эхэлдэг. Та хэрхэн угтаж байна?

-Хаврын улирал хамгийн сайхан. Нийгмийн зүтгэлтний хувьд ч гэсэн үржил шимтэй улирал эхэлж байна. Нийгэм сэрж, хүмүүс идэвхиждэг. Зун хүмүүс наадамлаад, айраг ууж байхад би юу ч яриад нэмэргүй, нийгэм үндсэндээ унтаж байдаг. Намар бол найр хурмын үе. Өвөл цагаан сар, шинэ жил гээд үндсэндээ баяр наадмын улирал шүү дээ. Хаврыг бидэнд өгдөгт баярлалаа. Хавар бол Монгол орны нийгмийг урагшлуулдаг гэдэгт би итгэдэг.

-Сүүлийн үед ажил ихтэй байх шиг байна. Оюутнуудад зориулж хэрэгжүүлж буй Таван толгой, Оюу толгой тэтгэлэгт хөтөлбөр /Т.О.Т/ хөтөлбөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

- Монголын оюутан залуус дэлхийн хэмжээний боловсрол эзэмших юм бол хаана ч дутахааргүй манлайлагч байж чадна. Манай залуусын хамгийн том давуу тал бол тэд амбицтай,тэсэж ядсан их хүсэл мөрөөдөлтэй. Би дэлхийн олон орноор явсан, үүнийг батлан хэлж чадна. Залуусын эрэгтэйчүүд нь би Чингис хаан болно гэж үздэг. Харин эмэгтэйчүүд нь би Өүлэн эх, Мандухай цэцэн хатан, Бөртэ Үжин шиг хамгийн агуу эмэгтэй хүн болно гэсэн хүсэл тэдний сэтгэлд байдаг. Энэ бол хамгийн зөв. Энэ гайхамшигтай мөрөөдөл бамбарыг асаах цучил хэрэгтэй байна. Энэ нь Монголыг гийгүүлэх биш, дэлхийг гийгүүлнэ. Харин энэ цучил нь юу вэ гэвэл, тэдэнд мэдлэг, аргачлал хэрэгтэй. Монголын боловсролын систем үүнийг хараахан өгч чадахгүй байгаа. Харин дэлхийн хэмжээний боловсролын системтэй газар сурган эх орныхоо ирээдүйд хөрөнгө оруулалт хийх шаардлага зайлшгүй гарч ирж байна. Үүний тулд уул, уурхайгаас орж ирж буй шавхагдах баялагийг ашиглан оюуны шавхагдашгүй баялаг болгон хувиргах ёстой юм. Би "Т.О.Т" хөтөлбөрийг санаачлан, "Монгол Тэнгэр" оюутны холбооны залуучуудтай хамтран гайхамшигтайгаар хэрэгжүүлэн эхэлж байгаа. Би тэдэнтэйгээ гар нийлэн ажиллаж байна. Оюутан залуучууд, эцэг эхчүүд энэ төслийг ихээхэн дэмжиж санал,хүсэлтээ ирүүлсээр байна. Энэ хөтөлбөр маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

Т.О.Т хөтөлбөр хэзээнээс хэрэгжих эхлэх вэ? Хичнээн оюутан хамрагдах боломжтой байна?

- Манай залуучууд төслөө хэрэгжүүлээд эхэлчихсэн. Улаанбаатар хотын нийт их дээд сургуулиуд, цаашлан хөдөө орон нутгаар төслөө танилцуулан, лекц зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. "Оюу толгойн шавхагдах баялгийг шавхагдашгүй баялаг болгоё" гэсэн уриан дор ажиллаж байна. Нийт 50 мянга орчим оюутныг сургах зорилттой байгаа бөгөөд 2011 онд багтан эхний жилдээ хоёр мянган оюутныг өндөр хөгжилтэй орны их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээр нь сургахаар төлөвлөсөн.

-Монгол залуучуудын бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?

Манай залуучуудын хүсэл тэмүүлэл, мөрөөдөл хамгийн том давуу тал. Нөгөөтэйгээр хоорондоо нэгдэж, зохион байгуулалтанд орж, шинэлэг зүйл санаачлан Монголын төлөө ямар нэг юм хийхгүй бол болохоо байлаа гэх мэдрэмж маш олон залууст байна. Гагцхүү үүнийг зохион байгуулж, санаачлан эхлэх л үлдээд байна. Үүн дээр манай "Монгол Тэнгэр" оюутан залуучуудын холбоо болон бусад оюутны байгуулага, клубууд хамтран зүтгэх хэрэгтэй байна. Бидэнд энэ бүх нөөц, бололцоо нь аль хэдийнээ нээлттэй бий. Бүгд чадах чинээгээрээ ажиллах ёстой. Шүүмжлэлтэй хандах юм бол мэдээж бий. Гэхдээ давуу тал нь илүү гэдэгт би итгэдэг.

-Оюутан байх үеийнхээ дурсамжаас?

Би оюутан байхдаа хэн нэгэн эрх мэдэлтэй хамаатан садан, хүн байхгүй ямар хэцүү юм бэ? гэж боддог байсан. Энэ олон оюутанд бодогддог байсан байх л даа. Хоёрдугаарт амьдрал миний хувьд яг л оньсого шиг нууцлаг бас айдастай санагддаг байлаа. Ажил олдох болов уу? Би хүсэж мөрөөдөж байгаа шигээ явж чадах боловуу? гэсэн түгшүүр надад байдаг байсан. Би их сайн сурагч байсан. Тиймээс конкурсаар хамгийн дээд хуваарь болох Германы инженерийн сургуулийн хуваарь авсан. Тухайн үедээ уг сургуулиасаа хөөгдсөн. Энэ миний хамгийн анхны бөгөөд хамгийн хэцүү ялагдал. Энэ ялагдалтайгаа эвлэрэх гэж их ичдэг байсан, гэрээсээ ч гарахгүй сэтгэл санааны гүн хямралд орсон. Гэхдээ ялж чадсан, цаг наргүй надад боломж өгөөч гэж би тэнгэрт залбирдаг байсан. Тиймээс нэлээд зоригтой болсон гэж боддог.Намайг хэн ч унагаж чадахгүй гэж итгэдэг. Яагаад гэвэл би тийм хүнд хэцүү нөхцөлөөс босч ирсэн.Түүнээс гадна би айлын том. Зургаан дүүтэй, ижий маань их эрт намайг хоёрдугаар курсын оюутан байхад өнгөрсөн. Айлын том байна гэдэг, маш их хариуцлага ухамсарладаг. Нэг найз охинтой болоод, орой хоолонд цуг орон, аав ээжээсээ ирсэн мөнгөө зарцуулах гэхэд, миний муу дүүгийн гутал нь цоорчихсон байсан шүү дээ. Тэр даарч байгаа, дүүдээ авч өгөх гутлаар би цаг зуурын жаргалыг эдлэхийг хүсдэггүй байсан. Би хариуцлагаа их мэдрэхийг л хүсдэг оюутан байсан. Миний оюутан цаг бол их хүнд хүчир өнгөрсөн. Хүмүүс оюутан цагаа Юргэлж аз жаргалтайгаар ярьдаг.
Миний оюутан цаг бол бэрхшээлүүдийг даван туулах хамгийн том сургууль болсонд би их баяртай байдаг.

Залуу нас хүний амьдралын хамгийн их эрч хүчтэй, омогшлоор дүүрэн дэврүүн үе байдаг. Үүний хамгийн гол чимэг нь яалт ч аргагүй хайр,тэр тусмаа анхны хайр байдаг. Та анхны хайртайгаа хэзээ учирч байсан бэ?

Миний хань жаахан уурлах л байх л даа. Анхны хайртайгаа би арван жилийн долдугаар ангид би учирч байсан. Нэг охинд жигтэйхэн их сайн болчихоод, сэтгэлээр унаад, нөгөөдөх нь намайг тоож өгдөггүй ёстой баларч байсан. Хамгийн сонирхолтой нь эргээд бодоход би бууж өгөх дургүй, хичээнгүй хүүхэд байсан нь мэдэгдэж байгаа юм.Тухайн үед миний хамгийн үнэтэй гоё зүйл бол аймгийн волейволын тэмцээн байсан юм. Нөгөө охин чинь нүүр өгдөггүй болохоор ээжийг нь "Эгчээ хоёулаа волейвол үзье" гэж дагуулж явж байсан юм. Би амихандаа ээжээр нь нөлөөлж охинд нь "Гайгүй залуу юм бишүү" гэж хэлүүлэх гэж үзэж байсан юм шиг байгаа. /инээв/ Би одоо ч гэсэн их хүндэтгэлтэй ханддаг. Олон сайхан хүүхэдтэй, сайхан гэр бүлтэй хүн байдаг. Одоо ч гэсэн миний сэтгэлд хүндэтгэлтэй хүн хэвээрээ байсаар байгаа.

-Сайхан гэр бүлтэй, сайн ханьтай байна гэдэг хүнд хамгийн том түшиг тулгуур нь болж байдаг. Өөрийнхөө гэр бүлийг танилцуулаач?

Миний хань их сайн хүн. Архангай аймгийн Чулуут сумд төрж өссөн.Өнөөдөр би их бага нь хамаагүй, тодорхой хэмжээгээр олон түмний төлөө сайн юм хийж, чадаж байгаа бол энэ ханийн минь ач буян. Ер сайн яваа эрэгтэй хүн бүр түшин,тулж байгаа ханийхаа ач, дэмжлэгээр сайн яваагаа санах хэрэгтэй гэж би боддог. Мөн үргэлж талархан, ач буян санаж явах ёстой. Эрэгтэй хүмүүсийн амжилт гэж байхгүй. Амжилттай байгаа эмэгтэй хүн ч мөн ялгаагүй, нөхрийнх нь дэмжлэг их чухал. Ер нь нийгмийн зүтгэлтэн, бизнесмен, улс төрч аль нь ч байсан, хажуудаа байгаа хань ижлийнх нь дэмжлэг, тусламж гэдэг амжилтынх нь бараг 80 хувь гэж ойлгож болно.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

Би гурван охинтой. Би хүүхдүүдээрээ их бахархдаг. Бусад аавуудын адил орой бүр ажлаа таран, гэрлүүгээ явахдаа тэднийгээ маш их санаж тоглох гэж очдог. Өглөө ажил руугаа яарч гарна. Орой нь охидуудаа очиж эрхлэж, үнсэх гэж яардаг. Амьдал ийм л гоё. Хүүхдүүддээ ажлын өдрүүдээр цаг зарцуулахад их хэцүү.Тиймээс амралтын өдрүүдэд уулзалт, хөдөө томилолтоор явахад ч гэсэн хамаагүй хүүхдүүдтэйгээ хамт явж л цаг гаргадаг даа.

-Зарим үед хүнд бухимдаж, сэтгэлээр унах үе тохиолддог. Та энэ үеийг яаж даван туулж гардаг вэ?

Уурлаж бухимдах үе гарна. Ер нь эрэгтэй хүн чинь их битүү шүү дээ. Дотогшоогоо сэтгэлийн бухимдал, стресээ авдаг. Би ихэвчлэн ганцаараа цагийг өнгөрөөхийг хүсдэг. Тиймээс алхдаг, гүйдэг. Мөн бясалгал хийж, өөрийгөө тайвшруулах дуртай. Ингэж байж л өөрийгөө тайвшруулж чаддаг.

-Залуустаа хандаад хэлэх үгийг танд үлдээе.

Залуустаа хандаад хэлэхэд та нарт ах нь итгэдэг, хүндэлдэг. Хандаад хэлэх хэдхэн зүйл байна. Бүхнийг битгий мөнгөний нүдээр хараарай. Ямар нэгэн ажил хийж, юм сурахаар болбол энэний түвшинд би дараа нь хэдэн төгрөгтэй болох вэ? Гэж хэзээ ч битгий бодож бай. Би яаж өөрчлөгдөж, хөгжих вэ гэж бодож байгаарай. Их дээд сургуульд тав, зургаан жил сурсаны дараа ямар өнгөтэй дифлом авах нь чухал биш, чи хэн болж өөрчлөгдсөн бэ гэдэг нь чухал. Дараагийн боддог зүйл бол, хэрэв бизнес хийх, ямар нэгэн албан тушаал хөөх гэж байгаа бол эхлээд мөнгөөр хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм шүү. Заавал ч үгүй цаг заваараа хөрөнгө оруулалт хийгээрэй. Туршлагатай, мэдээлэлтэй, мэдлэгтэй хүнд бол хөрөнгө мөнгө, карьер дараа нь өөрөө урсаад ороод ирдэг. Эцэст нь ганцхан зүйл хэлье, цаг нь болоогүй гавъяа шагнал шиг аюул хаана ч байдаггүй юм шүү.

Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа. Таньд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцсан: Б.Ууганбаяр

One Response so far

  1. Dear Sir / Madam,

    Are you facing financial, debt or any other hurdles in operations of your business and all other financial activities...!!

    We have solutions for every hurdle. Our Company is a single window solution for all types of outsourcing work in field of Finance, providing funds etc.

    Contact us Now via Email: royalworldfundings@gmail.com

    Our goal is to provide the highest level of convenience to our customers because every business has limited resources and to as well empower the general public financially.

    A trial will be convincing.

Leave a Reply