2012/05/17

Дэлхийн алдарт философичил /Марк Аврелий/

0 comments
II зууны сүүл үеийн Ромын энэ эзэн хааны бүтэн нэр Марк Аврелий Антонин. Түүний тухай Холливудын кино ч байдаг. "Эзэнт гүрний мөхөл" зэрэг зарим кинонд түүнийг зөвхөн дайчин хүчирхэг эзэн хаан байснаар л дүрсэлсэн нь ч бий. Ромын цуутай хаадын дараа үеийн зөөлөн сэтгэлт бага хаан Антоны Пий түүнийг 17 настайд нь анх анзаарч, садангийнхаа тэр ухаалаг хүүг үрчлэн авч төрийн хэрэгт татан оролцуулжээ. Залуу хөвгүүн тухайн үеийн нэртэй уран илтгэгч Херод Аттикийн дэргэд суралцан, түүний ихэнх шавийн адил алгуур тайван зантай нэгэн болж төлөвшсөн байна.

Афины захирагчаар сууж байх үед нь гүн ухаантан Эпикурын сургаалыг түүнд заадаг, ийн багшилсныхаа төлөө эзэн хаанаас цалин авдаг нэгэн эрдэмтэн байсан гэдэг. Эндээс үзвэл Марк Аврелийд философийн бяд суухад төрөөс тэтгэлэг авдаг тэр нэгэн эпикурч онцгой нөлөөлсөн нь илт. Гэхдээ тэр эзэн хаадын философи гэддэг стоицизмын төлөөлөгч болсон юм.

140 онд Ромын консулын албан тушаалд тохоогдсон Марк Аврелий гүн ухаантны хувьд Сенекагийн сургаалыг үргэлжлүүлэгч болов.

161-180 онуудад эзэн хаан байсан түүнийг нас барсны дараа залгамжилсан хүү Коммод нь Ромын хамгийн өөдгүй, харгис хаадын нэг байлаа. Оскарын шагналыг хэд хэдэн төрлөөр хүртсэн Америкийн "Гладиатор" киноны Коммодусын дүрээр түүнийг төсөөлж болно.

Түүхэнд өгүүлснээр бол, Марк Аврелийн эхнэр бөгөөд түүнийг үрчилж авсан авга ахынх нь төрсөн охин болох Фаустина Ромд цуутай садар эм байж. Харин гүн ухаантан өөрөө биеэ барих чадвараар гойд байснаараа алдартай. Тэрээр уурлан бухимдсан ч, баярлаж хөөрсөн ч нүүр царай нь огт хувирдаггүй асан гэдэг.

Марк Аврелийн зохиол бүтээл гэхээр юм тун хомс. Хаанчлалынх нь жилүүдэд Ромын эзэнт улс өлсгөлөн, ган гачиг, газар хөдлөл, өвчин тахал, олон жилийн дайн тулаантай байсан тул тэрээр "хөдөөгийн буйдад нам гүм суухыг" юу юунаас илүү мөрөөддөг байв. Нас нөгчсөний нь дараа "Өөртэйгээ хүүрнэхүй" хэмээх философи сэтгэлгээний туурвил хувцсан дотроос нь олджээ. Өдгөө Ватиканы номын санд мөнхүү зохиолын нэгтгэсэн хувилбар бий.

Ром хотын төв талбайд морь унасан Марк Аврелийн том баримал хөшөө байдаг. Эзэн хаан бүдүүлэг аймгийнханд баруун гараа сунган өршөөл үзүүлж буйг харуулсан хөшөө л дөө. Бүдүүлэг аймгууд гэдэгт нь бидний эртний өвөг элэнц болох Хүннүгээс ойж гарсан нүүдэлчид ч багтана. Уул хөшөөний морины хөл Их Петрийн хөшөөний морь шиг өндөр өргөгдсөн байдаг. Уг нь тэнд хүннүгийн нэгэн хааны дүрс байсан гэдэг юм. Цагийн эрхээр "дорой" хүннүгийн дүрс алга болж л дээ. 5 метр гаруй өндөр уг баримал 1800 гаруй жилийн настай. Хөшөөг парфенчуудыг бут цохисон түүхт ялалтад зориулж босгожээ. Марк Аврелий мөн германчуудын армийг ялсанд зориулсан цогцолбор ч бий. Эдгээрээс үзэхэд тэр чамгүй дайчин эзэн хаан байсан аж.

Хүний хувьд зөөлөн сэтгэлтэй эр байсныг нь түүний л зарлигаар мэсчин боолууд мохоо сэлмээр тулалддаг болсон явдал гэрчилнэ. Нас бармагц нь харин энэ шинэчлэлийг халсан аж. Мөн "Би Ромын иргэн", "Би Афиных" гэж ярихыг тэр хориглосон бөгөөд хүн бүхэн "Би дэлхийн иргэн" гэсэн сэтгэлээр нэгэн дээвэр дор амьдрах, ромчууд эзлэгдсэн нутгийнхантайгаа эрх тэгш гэдэг үзлийг тунхаглаж байсан юм. Яг ийм санааг анх Сократ дэвшүүлсэн хэмээн Плутарх тэмдэглэсэн нь бий

Өрнө дахинд өргөнөөр тэмдэглэдэг Улаан өндөгний баяр Марк Аврелийтай холбоотой. Европын ард түмнүүд өндгийг амьдрал, үхэл хоёрын бэлгэдэл гэж үздэг. Тэгээд ч өндөг гэдэг бол дотроос буян, нүгэл алин ч төрж болох нууцлаг эх ертөнц юм. Миланы нэгэн музейд эх дагина Мария хүүгээ тэврэн суугаагийн дээр нь өндөг дүүжилсэн байдаг. Марк Аврелийн төрсөн өдрөөр эхийнх нь тахиануудын нэгээс улаан толботой өндөг гарч л дээ. Ингээд түүний хувьд аз жаргалын бэлгэдэл улаан өндөг болсон аж. Удалгүй ромчууд бие биедээ будсан өндөг бэлэглэх болжээ. Христос шүтлэгтнүүд уг заншлыг өөрийнхөөрөө хүлээж авсан байна. Тэдний хувьд улаан өндөг нь Христийн цусыг бэлгэдэж байгаа хэрэг л дээ.

Марк Аврелийн санаанаас

Бүх зүйл байнгын өөрчлөл хувиралд оршдог. Чи ч гэсэн ямагт өөрчлөгдөж, цаг тутам үхлийн замд шилжиж яваа. Ер нь бүхий л орчлон тийм.

Аливаа юмс өөр хоорондоо бурхан тэнгэрийн хэлхээгээр гагнаастай. Бусдаасаа ангид юу ч үгүй билээ. Юм бүхэн нэгэн дэг журамд захирагдаж, нэг л ертөнцийн чимэглэл болон оршдог.

Бие махбодын минь эд эс бүхэн өөрчлөгдөн хувьсч, энэ ертөнцийн тодорхой хэсэгт шингэх бөгөөд дараа нь ахин өөр хэсэгт шингэнэ, үүний үр дүнд би төрсөн, ийм л замыг бүх эцэг эх, дээд удмынхан минь мөн адил туулсан.

Хүний амьдрах хугацаа - ганцхан агшин, амьдралын мөн чанар - мөнхийн урсгал, хүний мэдрэмж - туйлын бүрхэг, бие цогцос - цаг зуурын, сэтгэл санаа - мөнхийн холбиромхой, хувь заяа - оньсого мэт, нэр алдар - хуурамч болой. Нэг үгээр хэлбэл, бие цогцост хамаатай бүхэн ууршин замхрагч зүүд мэт юм. Амьдрал гэдэг бол тэмцэл, харь газар хэсүүчлэх хоёрын нэгдмэл нэрийтгэл. Үхсэний дараахь алдар нэр - зэрэглээ мэт бөлгөө

Яг энэ мөчийг, өөрөөр хэлбэл, өөрийнхөө амьдралыг чи байгалийн жам ёсоор л нөгцөө. Дараа нь болц нь гүйцсэн чавга бутнаас тасрах мэт тийм хөнгөхнөөр амьдралыг орхи. Тэгэхдээ чамайг бий болгосон байгаль - модны ачыг бүү огоор.

Одоо цагийг үзсэн хүн өнгөрсөн үед байсан бүхнийг үзлээ гэсэн үг. Мөнхөд үл тасрах цагийн урсгал дунд бүх юм нэг л янзаараа, нэг л хэлбэрээрээ оршдог.

Бусдын юу бодож байгааг анзаарч хайхраагүй учраас аз жаргалгүй болчихсон хэн нэгнийг олох амаргүй. Харин өөрийнхөө дотоод сэтгэлд юу болж байгааг хайхардаггүй хүн үнэхээр золгүй еэ.

Чамд тохиолдох юм бүхэн урьдаас зурагдсан байдаг. Аливаа юмсын цаад шалтгаан нь чиний амьдралыг энэ болж буй үйл явдлуудтай холбож байгаа хэрэг.

Ялаа торлосон аалз үүндээ баярладаг. Анчин хүн туулай ч юм уу эсвэл баавгүй, буга харваж унагасандаа, загас гөхидсөндөө олзуурхдаг. Хэн хэн нь л дээрэмчин зандалчид юм биш үү?

Өөрийнхөө дотогш өнгийн харж бай. Ямар ч эд зүйлд байдаг чанар, үнэ цэнэ ядахнаа чамаас бүү хөндийрөг.

Хэдийгээр хана туурга, уул хад, өөр олон зүйлээр хашигдаж зааглагдавч, нарны гэрэл нэг л юм. Янз бүрийн бие махбодын гүнд хуваагдсан боловч, хүний мөн чанар гэдэг нэг л юм. Иймэрхүү мөн чанар хийгээд олж авсан боловсролын хэм хэмжээнд хуваагддаг ч, сэтгэл гэдэг угаасаа мөн л нэг юм.

Хүний бүх юм утаа манан, утаа манан мэт биегүй хоосон.

Өөрийг нь бий болгосон тэр л махбодууд ердийн байдлаар салж сарних гэж байна гэдэг утгаар үхлийг үг дуугүй хүлээх хэрэгтэй. Төгсөнө гэдэг бол байгалийн жам, байгалийн жамаар болж буй юм хэзээ ч муу муухай байдаггүй.

МӨНХӨД ЧИ БҮХНИЙ МАРТАНА, ТЭРЧЛЭН ЭЭЛЖЭЭ ИРЭХЭД БҮХ ХҮН ЧАМАЙГ МАРТАНА

Leave a Reply