Энэ түүх хүмүүсийг дэлхийн хоёрдугаар дайны тэрхүү аймшигт жилүүдэд эргүүлэн аваачих аж. Хар гивлүүр зүүж, хар хувцас өмссөн боровтор царайтай дөч шүргэж яваа нэгэн эмэгтэй фашистуудын мөрдлөгөөс дайжин зугатсан хүмүүсийг сүм хийд, өөрийнхөө байранд орогнуулан заримд нь биеийн байцаалт хүртэл олж өгч тусалдаг байлаа. Мөн тэрбээр ядарч зүдэрсэн өвдөж зовсон хүмүүст байнга ач тус хүргэж байдгаараа олонд алдаршжээ. Түүнийг бүгд л Тереза эх гэж дууддаг байж.
Зарим нь түүнийг бурхны элч хэмээн бишрэн хүндэтгэж байжээ. “Би бусдаас онцгой хүн биш. Зүгээр л хүнд туслах сэтгэл цаг ямагт өвөрлөж явдаг жирийн нэгэн эмэгтэй” гэж Тереза эх хэлсэн удаатай.
Тереза эх ямар хүн байв. Тэрбээр 191О оны наймдугаар сарын 27-нд Косовад албани гаралтай чинээлэг цыганы гэр бүлд төржээ. Түүнийг Агнес Гонжа Бояжиу гэдэг байв. Хар бага наснаасаа бусдад туслах нигүүлсэнгүй сэтгэл өвөрлөсөн Агнес 12-тойдоо сүмд сууж, эрдэм номын мөр хөөсөн гэдэг.
Боловсролтой, нүдэнд дулаахан, ухаалаг Агнес бусад охид бүсгүйн адил энгийн хүний амьдралаар амьдарч болох байв. Гэвч тэр өөр зам сонгожээ. 18-тайдаа Ирландад очиж, тэндхийн сүмийн гэлэнмаа болсон аж. Удалгүй өгөөмөр нинжин сэтгэлээрээ зартай францын гэлэнмаа Терезагийн нэрийг өөртөө авч, бүхий л амьдралаа хүмүүсийн тусын тулд зориулахаар санаа шулууджээ. Энэ үеэс эхлэн тэрбээр дэлхий дахинд Тереза гэдэг нэрээр алдаршсан байна.
Терезаг 2О нас хүрмэгц нь Энэтхэгийн охидын сургуульд багшлуулахаар явуулжээ. Ингээд тэрбээр 2О-иод жилийн турш гэгээн Мария сургуулийн багш захирлаар ажиллаж, улмаар 1950-иад оны үед Энэтхэгийн харьяат болсон гэдэг. Түүний тухай үлгэр домог шиг яриа таржээ. Тереза эх 7ОО мянган хүнд өөрийн гараар хоол хийж өгч байжээ. Хэдэн хоногоор ч хамаагүй өвчтөнийг сахиж, нойргүй хонож явсан аж. Тэрбээр хэзээ ч уурлаж байсангүй. Цаг ямагт инээмсэглэн явдаг байсан гэдэг.
Тереза эхийг бас шүхэр, нимгэн гудас хоёроос өөр өмчгүй байсан гэх яриа бий. Тэр хүмүүст тусласаныхаа төлөө сохор зоос ч авч байсангүй. Өлбөрч үхэх гэж байгаа, өвдөж шаналж буй ядуусыг хооллож ундалж, асарч сувилж явах өөрт нь жаргал авчирч байсан гэдэг. “Өөрт нь туслах хүн олдсонд хэмжээлшгүй баярлаж байгаа зовлонт хүнийг та харсан уу. Тийм хүний харц ямар сайхан байдаг гээч. Баярласан сэтгэлээр дүүрэн харц хэзээ ч мартагддаггүй юм” гэж Тереза эх хэлж байжээ.
Манай гаригийн улстөрч, урлагийн одод, бизнесмен гээд ямар ч алдар цуутай хүн түүний үгийг сонсдог, үйл хэргийг нь ямагт дэмжиж байжээ. “Би Тереза эх байна. Тантай уулзах гэсэн юм” гэсэн хоёрхон өгүүлбэр түүний бусадтай танилцах нэрийн хуудас болдог байж. Тереза эх өөрийг нь зорьж ирсэн хэнтэй ч болов заавал уулзаж үгийг нь сонсдог байжээ. “Эмэгтэй хүний бүхий л жаргалаа золиослон энэ ертөнцөд төрөгсдийн төлөө өөрийгөө зориулж чадсан, баян чинээлэг гэр орноо, соёлт Европоо орхин халаасандаа тавхан рупитэй Энэтхэгийг зорьж явсан хүн бол Тереза эх билээ. Энэ хүнийг бурхны зараалаар дэлхийд ирсэн юм гэж ядуус үздэг байжээ” хэмээн энэ гайхамшигт эмэгтэйн амьдралыг харуулсан нэгэн баримтат кинонд өгүүлжээ.