ALT_IMG

Featured 1

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

ALT_IMG

Featured 2

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore..

Alt img

Featured 4

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

ALT_IMG

Featured 4

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

ALT_IMG

Featured 5

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipiscing elit, sed diam nonummy nibh euismod tincidunt ut laoreet dolore magna aliquam erat volutpat. Ut wisi enim ad minim veniam, quis nostrud exerci tation ullamcorper suscipit lobortis nisl ut aliquip ex ea commodo consequat Readmore...

Showing posts with label америкт суугаа монголчууд. Show all posts
Showing posts with label америкт суугаа монголчууд. Show all posts
2012/05/17

“Хөгжилд нэмэх бидний санаа”

103 comments

Та Америкт ажиллаж амьдараад 7 жил болж байгаа. Калифорни мужийн Сан Франциско хотод анх ирж байсан 1998 он бол монголчууд Америкт хөл тавьж дөнгөж эхэлж байсан цаг, энэ хугацаанд үзэх туулах, суралцах мэдэх бишгүй олон зүйл тохиолдож байсан гэж та бидэнд бичсэн мэйл-дээ дурьджээ. Амьдралын тэрхэн эгшнээс бусдад сургамжтай, хэлж яримаар зүйлсээсээ манай уншигчидтай хуваалцаач?

Эхлээд ирж байсан Монголчууд Америкийн талаар хар таамаг төдий маш бага мэдээлэлтэй, виз авсан аль нэгэн хэлний сургуулийн урилгаа барин Англиар буруу зөв яриад бууж байв. Халсаанд нь цөөхөн хэдэн ногоон, ганц үүргэвчинд нь солих хувцас, Англи Монгол толь, ярианы дэвтэр л байсан байх. Бидний ижил Америкт анх хөл тавьж байгаа Хятад, Филлипин, Солонгос, Оросуудыг бол Америкийн иргэн болсон унаган Англи хэлтэй нутаг нэгтэн нь онгоцны буудал дээр хэд гурваараа тосч машиндаа суулгаад зам мөрийг нь зааж хэлээд үйлчлээд өгнө. Бэлэн байр сууцанд оруулж мөнгө төгрөг бүх талаар тусална. Хил гааль дээр ч орчуулагч бэлэн байж байх жишээтэй. Тэднийг Америкт аль хэдийн суурьшаад хэдэн үе дамжин бий болсон өөрсдийнх нь community хүлээж авдаг. Гэтэл нэг Монголыг замдаа Сайн явж ирэв үү гээд тосоод зогсож байх хэн ч байсангүй, нөгөө суралцахаар ирсэн хэлний курсийн хичээл онгоцноос буугаад л эхлэнэ шүү дээ. Би хувьдаа Америкт ирж байсан эхний Монголчууд оюун санааны болон сэтгэл зүйн хувьд боломжийн хүмүүс байж энд амьдрах арга ухаанаа олох эхний зам мөрийг зөв сайн гаргасан гэж боддог. Aжил олж байр хоол гээд хамгийн наад захын зардалаа төлөхийн хажуугаар хэдэн доллар цааш нь хийх, наашаа ирэхдээ тавьсан өр зээлээ төлж барагдуулах, цоо шинэ нийгэм орчин ахуйд дасан зохицож байр сууриа олох зэрэг заавал даван туулах ёстой зүйл маш их байлаа. Удахгүй тэр мундаг газраас доллар мөнгө ирнэ, ард үлдсэн бидэндээ тус нэмэр болно, тийшээ намайг татаж авна, араас нь очно гэсэн бодолтой үлдсэн аав ээж, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхдийнхээ бөөн итгэл найдварыг тээгээд ирсэн улс юун нөгөө сургууль хичээлд явах, урилгаар ирсэн сургууль дээрээ ч очиж үзэлгүй ажил эрээд эхэлнэ. Тухайн үед хэл ус муутай, дээр нь хүний газар мөнгөгүй болох аюул энүүхэнд байв, Гэхдээ л үнэхээр болохгүй чадахгүй юм байна гэж шантраад нутаг буцсан хүн тун ховор байсан. Одоо арай өөр болжээ. Монголчууд төвлөрөн суудаг хотуудад ах дүү, найз нөхөдөө бараадан ирсэн хүмүүс бол сургууль курст яваад оюутны статусаа хадгалан ажил төрөл олж хийж болж байна. Тэгэхээр Америкт аль нэгэн сургуулийн урилгаар визээ авч ирвэл тэр сургуулдаа явахын зэрэгцээ бусад олон асуудлыг шийдэхэд илүү дөхөм байх болно гэж наашаа ирэхээр зорьж буй хүмүүст захимаар байна.

Та Америк дахь монголчуудад зориулж “Замдаан” сэтгүүл эрхлэн гаргадаг. Тэгэхээр Америкийн баруун эргийн Сан Франциско хотод ажиллаж, сурч амьдралын мөр хөөж яваа монголчуудын талаар арвин мэдээлэлтэй байгаа болов уу? Америкийн монголчуудад өнөөдөр ямар асуудлууд хамгийн ихээр тулгардаг вэ?

Энд бид эрх чөлөөг олон талаар эдлэж байгаа, хавчигдан гадуурхагдах тийм зүйл байхгүй гэж хэлж болно. Мэдээж ихэнхи Монголчууд визийн хугацаа аль хэдий нь дууссан, албан ёсоор ажиллах зөвшөөрөлгүй тул гаднын хууль бус цагаач иргэдэд тулгардаг бүх л асуудлууд гарч ирдэг. Жишээ нь эзэмшсэн мэргэжилээрээ гайгүй пүүс компани, байгууллагад орж ажиллаад ахиж дэвших боломж бага, өвдөж зовох үед эдлэх эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдах боломжгүй, яаралтай хэрэгцээ гархад нутаг руугаа яваад ирж чадахгүй зэргээс өгсүүлээд олон зүйл байдаг. Нэгэнт энэ хүчирхэг орны нийгмийн даатгалын тогтсон системд хамрагдаж чадаагүй бол үр дагавар нь хувь хүн дээр маш үнэтэй тусдаг, жишээ нь шүд өвдөөд эмчлүүлэх шаардлага гарлаа гэхэд даатгалгүй бол наад зах нь $1500, шүдээ шууд авхуулна гэвэл $150. Хүүхдээ цэцэрлэгт өгвөл хамгийн хямд нь сарын $600 (Сан Франциско хотын жишигээр) гэх мэт.

Та анх энэ газар ирж байсан үе буюу 7 жилийн өмнөх монголчуудын амьдралын өнгө төрх, хэмнэл өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өөрчлөгдсөн юм их бий, хэдэн жил болсон, суурьшсан Монголчууд наад зах нь тогтсон aжил, орлготой, банкинд данстай, зээлийн карттай, унаа машинтай, үр хүүхэд нь сургууль соёлтой, өөрсдөө наад захын хэл устай болсон за тэгээд цаашилбал зарим нэг хэсэг нь сурсан мэдсэн дадлага туршлага дээрээ үндэслээд боломжийн бизнес эхэлчихсэн, үл хөдлөх хөрөнгө, хауз, байшин зээлээр аваад орчихсон эндхийн дундаж амьдралын хэв загварт хэдий нь ороод явж байгаа, Монголчууд төвлөрөн суудаг газруудад хамтын зохион байгуулалтанд орж нийгэмлэг холбоо байгуулагдсан, сонин хэвлэл, веб сайт, имэйл сүлжээтэй болсон зэрэг олон өөрчлөлт байгаа, Ганц жишээ дурдхад Америкийн хаанаас ч Монгол руугаа хүссэн цагтаа залгаад чөлөөтэй ярьдаг болсон. 7 жилийн өмнө 1 минутанд $3.00 төлж ярьдаг байсан бол одоо $5.00 төлөөд 200 минут ярьж болж байна. Ер нь Америкт манайхан ажиллаж амьдарч эхэлсэн арав хүрэхгүй жилийн хугацаанд гар хумхиад зүгээр суусан хүн байхгүй, бүгдээрээ л зав зайгүй ажиллаж байна. Нөгөө талаар энэ хугацаанд өөрсдөө сургууль соёлд яваад боловсрол мэргэжил эзэмших боломж бас гарсангүй, насны ялгаа, Англи хэлний бэлтгэл гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх, хамгийн гол нь сургуульд сурах цаг зав олсдонгүй. Aмерикт oрж ирэхдээ даруулсан визний хугацаа дуусангуут дахин сунгуулах боломжгүй болно тэгээд албан ёсоор ажиллаж амьдрах эрх олж авч чадахгүй, ихэнх нь энэ тал дээр анх ирсэн шигээ байдалтай явж байгаа. Харин энд гарсан Монгол хүүхдүүд маш олон боллоо, эндхийн ахуй иргэншил, сургууль соёлтой нэгэн шинэ үе өсөж бойжиж байна. Энэ хүүхдүүд ирээдүйд Америкийн Монголчуудын жинхэнэ өнгө төрхийг тодорхойлох байх даа. Ямар хүн болоод яаж тодорхойлох вэ гэдэг тал дээр бидний үүрэг бас их бий.

Сан Францискод хэдий хэмжээний монголчууд байна, тэдний гол зорилго юу вэ? Суралцах уу, эсвэл мөнгө олох уу?

Сан Францико хотод ойролцоогоор 500 орчим, залгаа дагуул Оакланд, Конкорд, зэрэг нилээд хэдэн хотуудад суугаа Монголчууд нийлээд 2000 орчим болох байх. Яг нарийн тоог нь гаргах боломжгүй, ийш тийшээ явах шилжилт хөдөлгөөний хувьд харьцангуй тогтвортой байгаа, бидний дотооддоо зар мэдээлэл солилцдог имэйл сүлжээнд (bay_area_mongolians@yahoogroups.com) одоогоор 600 гаруй Монголчууд бүртгэлтэй байна. Энэ жилийн Наадмаар гэхэд Сан Францискод 1000 орчим Монголчууд цугларч байв. Сакраменто хот орчимд 300 орчим Монголчууд суудаг. Одоо их дээд сургуульд сурахаар виз аваад ирж байгаа залуучууд сургуульдаа явдаг болжээ, эндхийн монгол хүүхдүүд зарим нь коллежд элсэн орж эхэлж байна. Дунд насныхан бидний хувьд оройн цагаар зав зай гаргаж чадвал үнэ төлбөргүйгээс эхлээд боломжийн үнэтэй сургууль курс, хэлний бэлтгэл олон бий, гэхдээ бидэнд гэр бүлээ аваад явах, үр хүүхэдээ мэргэжил боловсролтой болгох нь гол байна, үүний тулд мөнгө олох хэрэгтэй, хүүхдүүд боловсролгүй бол бидний араас л орно, бас монголд маань биднээс хамааралтай гэр бүл, аав ээж ах дүү гээд олон улс байна шүү дээ. Болж өгвөл хурдхан хэдэн төгрөг цуглуулаад монголдоо очиж ажиллаж амьдрах бодол төлөвлөгөө хүн бүрт явдаг байхаа.

Монголчууд ямар ямар мужуудад илүүтэй төвлөрөн суудаг вэ?

Монголчууд Америкийн инхэнх мужуудад байгаа. Хамгийн их төвлөрөл баруун эрэгт Кальфорн мужийн Бэй Аэриа дахь Сан Франциско, Оакланд, Сакраменто, Лос Анжелос, төвийн бүсэд Колорадо мужийн Денвер, Иллинойс мужийн Чикаго хотуудад, зүүн эргийн Вашингтон, Нью Йорк хот орчимд байдаг. Америкт нийтдээ 10.000-15.000 орчим Монголчууд ажиллаж амьдарч байна гэсэн багцаа тоо бий.

Монголчууд маань өөр хоорондоо төрөл бүрийн мэдээлэл солилцох хэрэгцээ гарч, өөр хоорондоо нэгдэн зохион байгуулалтад орж ямархуу ажил хэрэг амжуулж байгаа вэ?

Төвлөрөл үүсэхийн хамт нэгдэн зохион байгуулалтанд орох хэрэгцээ аяндаа гарсан. Хүний нутагт яваа иргэд маань гэсэн сэтгэлээр Америкт суугаа Монголын ЭСЯ болон консулын зүгээс ханддаг болсон. Ялангуяа элчин сайд Р.Болд болон түүний багийнхан энэ тал дээр эргэлт гаргасан гэдэгтэй олон Монголчууд санал нэгдэх байхаа, ЭСЯ-наас санаачлан Монголчуудын Холбоог дээр дурдсан хотуудад байгуулан баталгаажуулсан бөгөөд одоо бүх талаар дэмжин байнгын харилцаатай ажилладаг болоод байна. Амжуулж хийж байгаа ажил хэрэг гэвэл олон бий. 2004 онд АНУ­-д хийсэн Монгол улсын ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр Монголчуудын холбоод хамтран Америкт суугаа Монгол иргэд бидэнд тулгарч байгаа, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг нэгтгэсэн өргөх бичгийг боловсруулан бэлтгэж ерөнхийлөгч Н.Багабандид өргөн барьсан. Хэдхэн хоногийн өмнө шинэ ерөнхийлөгч Н.Энхбаяр маань НҮБ-ийн ассамблейн хуралд оролцоод буцах замдаа Сан Францискод Монголчуудтайгаа уулзсан энэ үеэр санал хүсэлтээ нэгтгэсэн бичигийг дахин шинэчлэн боловсруулж өргөн барьлаа. Монголын урлаг соёлынхны тоглолтуудыг удаа дараа зохион байгуулж байна, үзэсгэлэн яармаг соёлын арга хэмжээнд улсаа төлөөлөн оролцож сурталчилж байна, уралдаан тэмцээн, баяр наадамаа хот хотдоо зохион байгуулан тэмдэглэж байна. Монгол туургатан хүүхдийн урлаг соёлын наадамыг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг боллоо. За тэгээд хүний нутагт өвдөж зовох, осол аваарт орох, хэрэг төвөгт холбогдох, ажил орлоггүй болох зэрэг янз бүрийн асуудал гарахад Монголчууд маань Холбоо нийгэмлэгтээ ханддаг. Өдөр тутмын ажлынхаа хажуугаар сайн дурын үндсэн дээр нутаг нэгтнийхээ төлөө цаг зав баран зүтгэж явдаг Монголоо гэсэн сэтгэлтэй, эрдэм боловсролтой цөөн тооны хүмүүс эдгээр ажлуудыг голчлон зангидаж нугалаж байдаг гэдгийг хэлмээр байна. Жишээлбэл Сан Францискод Ш.Баатар, Д.Лувсанжамбаа, Ш.Энхбаяр нарыг нэрлэж болно. Монголчууд Америкт өөр хоорондоо мэдээлэл солилцдог хамгийн гол суваг бол Интернэт. Зөвхөн хоорондоо төдийгүй Монголын өдөр тутмын мэдээлэлийг интернэтээр цаг тухайд нь авч байна, Мөн дэлхийгээр нэг таран суугаа Монголчууд интернэтээр харилцаж санал бодлоо чөлөөтэй солилцож байна. Зар мэдээлэл дамжуулах ймэйл сүлжээ Монголчууд төвлөрсөн хот бүрт бий, хэвлэл мэдээлэлийн хувьд Вашингтон хотноо суугаа МОНЦАМЭ агентлагын тусгай сурвалжлагч Б.Номинчимэдийн эрхлэн гаргадаг 7 хоног тутмын “Даяар Монгол” сонин хамгийн олон захиалагчтай нь. Денвэр хотноо “Moнгол Мэдээ” сэтгүүл, Мэрилэнд мужид “Америкийн Монголчууд” сонинг мэргэжилийн сэтгүүлчид эрхлэн гаргадаг. Денвэрт суугаа хэсэг залуучууд Монгол телевизийн 7 хоногийн нэвтрүүлэгийн тоймыг DVD хуурцагт бичээд шуудангаар хүргэх үйлчилгээг явуулж байгаа. Нэвтрүүлэгийн дундуур Америкт байгаа Монголчууддаа зориулсан зар сурталчилгааг оруулсан видео ролик хүртэл хийсэн байсан, Залуучууд маань хамтран баг бүрдүүлж ажилладаг боллоо. Тухайлбал Охайо мужид суугаа Ч.Ганболд гэдэг залуу интернэт телевиз, радиогийн www.tsahim.tv сувгийг санаачлан мэдээлэлийн бас нэгэн шинэ орон зай нээгээд байна. Дээр нь Монгол Яaхуу грvпvvдийн и-мэйлчид, Монгол Блогуудын идэвхитэн бичигчид нарын чадварлаг залуучууд интернэт мэдээлэлийн www.news.tsahim.tv сайтыг хөтлөн шуурхай ажиллуулж байна. Программ хангамж, холболтын асуудлыг Германд комьютерийн чиглэлээр суралцдаг С.Бадрал хариуцдаг. За тэгээд Америк дахь Монголчууд маань хоолны газар, авто засвар, хими цэвэрлэгээ мэтийн жижиг төрлийн бизнес нээгээд амжилттай ажиллуулж байгаа жишээ олон бий. Манайхан Америкт хамгийн тогтвортой дэвшилттэй ажиллаж байгаа бас нэг салбар бол барилгын засвар үйлчилгээ юм. Энэ чиглэлээр ажиллаж байгаа Монголчууд өөрсөө хувийн иж бүрэн багаж хэрэгсэлтэй, ажлаа бүрэн мэддэг, дадлага туршлагатай тодорхой хүрээний харилцагчидтай болсон. Мөн үл хөдлөх хөрөнгийн агент, муж хооронд алсын тээврийн жолоочоор ажилладаг Монгол залуучууд олон болж байна. Саяхан Оакланд хотноо суугаа Монгол хөвгүүдийн “5TEN” гэдэг хип хоп хамтлаг анхны CD-гээ гаргаж зурагт хуудасаа хэвлүүлсэн байна. Энд өсөж торниж байгаа хүүхдүүд ч эхнээсээ юм хийгээд эхэллээ. Бидний хувьд сэтгүүлийнхээ зэрэгцээ Бэй Ариа орчмын Монголчууддаа зориулан 7 хоногийн “Замдаан Зар” гэдэг зар мэдээлэлийн хуудас гаргаж үзлээ, нийтдээ 36 дугаар гаргаж үнэгүй тараасан. Монголын мэдээлэлийн аудио CD гарган тарааж бас үзлээ. Зарим үед цаг зав, санаачлага оролдлого дутуугаас болж бодсон санасан зүйлүүдээ хийж гүйцээж чадахгүй явна. Ер нь Америкт байгаа Монголчууд маань аливаа хийж бүтээх гэсэн санаа оноог маш сайн хүлээж авдаг, урам өгдөг, дэмжиж тусалдаг гэдгийг энэ дашрамд онцлон хэлмээр байна.

Ер нь амьдралын өртөг ямар мужид өндөр, ямарт нь боломжийн байдаг вэ? Мужуудын онцлог, ялгааны талаар мэдээлэл өгч болох уу. Хараар ажиллаж байгаа болон ажил мэргэжлээрээ дагнаж буй хүмүүсийн хувьд хаана, аль мужид амьдрах нь илүү тааламжтай, тохиромжтой байдаг вэ?

Кальфорн муж улс бол газар нутгийн баялгаараа эртнээс алдартай бөгөөд эдийн засгийн үзүүлэлтээр Америк дотроо төдийгүй дэлхийн улсууд дотор их долоогийн дунд орохоор хүчин чадалтай гэгддэг. Энэ мужийн нутаг дээрх Цахиурын хөндий “Silicon Valley”-д комьпютерийн ууган том компаниуд, физик, хими, биотехнологийн хүрээлэн, эрдэм шинжилгээний лаборатор, Лос Анжелос хотын хаяа дэрлээд дэлхийн кино урлагын өлгий Холливүүд, Бэй Аэриагийн хойг дахь үсан үзэмийн дарсаараа Францтай өрсөлддөг Наппа хөндийн тариалан зэрэг олон алдартай газруудаар аянчин жуулчдын хөл тасардаггүй. Сан Франциско бол байгалийн үзэсгэлэн, цаг уурын тааламжтай нөхцөлөөрөө гайхалтай хот. Америкийн хамгийн өртөг өндөртэй хотуудын тоонд Нью Йоркийн дараа 2-рт бичигдэж байна. Энд ганц өрөө байрны түрээс хотын төвийн хямд дүүрэгт гэхэд $800-$1000 байх жишээтэй. Хүн амын шигүү бөөгнөрөл, бизнесийн төвлөрөлөө дагаад ажлын байрны олдоц сонголт элбэг, цалин хөлсний үнэлэмж нь өндөр тул газар газраас цагаачид их цуглардаг. Мужийн зарим хууль дүрэм нь ч гаднынханд ээлтэй уян хатан байх нь бий. Энд зүсэн зүгийн аялгатай хазгай муруй Англи хэлээр яаж ийгээд хэл нэвтрэлцээд байж болдог бол зарим нутагт хичнээн хичээж яриад байхад ойлгохгүй царай гаргаад зогсож мэднэ. Америкийн муж улс болгонд өөрсдийн хууль дүрэм нь тусдаа үйлчилдэг. Жишээ нь Кальфорнд худалдааны татвар хамгийн өндөр буюу 8,5 хувь байдаг байхад хойд хөрш залгаа Орегон мужид худалдааны татвар огт байхгүй гэх мэт.

АНУ-д оршин суугаа гадаадын иргэд зайлшгүй мэдэх шаардлагатай хууль, дүрэм гэж юу байдаг вэ?

Гадаадын иргэд яг ийм хууль дүрэм заавал мэдэх шаардлагатай гэсэн тусдаа жагсаалт байдгийг би мэдэхгүй байна. Америкийн нутаг дээр байгаа гадаадын иргэн ч бай, Америкийн иргэн ч бай хуулийн өмнө хүлээх адил тэгш эрх үүрэгтэй болов уу. Та ямарч асуудлаар өмгөөлөгч хөлслөн мэргэжилийн зөвлөгөө авах боломжтой. Ихэнх Америкчууд шаардлагатай тохиолдолд ханддаг, үйлчлүүлдэг хувийн хуульч өмгөөлөгчтэй байдаг юм билээ. Бүх зүйлийг хуулийн дагуу байхыг шаардана. Жишээ нь та машин барихын тулд мужийн жолооны шалгалт өгч үнэмэх авсан байхын зэрэгцээ таны машин бүрэн шалгалтанд орсон, даатгалд хамрагдсан байж сая хөдөлгөөнд оролцох эрхтэй болно. Дашрамд нэг зүйл хэлхэд Монгол Америкийн засгийн газар хооронд байгуулагдаад 14 жил болж байгаа консулын конвенц гэж бий, энэ конвенцийн дагуу Монгол улсын иргэний эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөх, хаа нэгтээ саатуулагдах үедээ өөрийн ЭСЯ консулын газар мэдэгдэхийг шаардах эрхтэй, тэр нөхцөлийг нь Америкийн хууль хяналтын байгууллага гаргаж өгөх ёстой гэсэн заалтууд байдаг тухай элчин сайд Р.Болд Сан Францискод Монголчуудтайгаа уулзахдаа захиж хэлж байсан.

Америкт амьдарч буй хүн ямар ямар төрлийн татвар, хураамж төлдөг юм бол? Ер нь орлогын хэдэн хувь татварт ногддог вэ?

Federal Income буюу Холбооны төсөвт, State Income буюу Мужийн төсөвт, Social Security Employee буюу Нийгмийн даатгалд, Medicare Employee буюу нийгэмийн халамжийн санд төлөх үндсэн 4 татварыг өрхийн гишүүдийн орлогын шаталбараар (housеhold income bracket) тооцон цалингаас суутгаж авдаг. Үүний дээр улсын албан байгууллага, хувийн пүүс компаниуд өөрсдийн ажилтан ажилчдыг хамааруулдаг төрөл бүрийн хөнглөлтийн татварууд бас бий, жишээ нь dental care буюу шүдний даатгалын, disability буюу хөдөлмөрийн чадвар алдах үед авах тэтгэмжийн гэх мэт маш олон төрөл. Жилийн эцэст албан байгууллага, бизнес эрхэлж байгаа ажил олгогч эзэд ажилчдынхаа жилийн орлогын мэдүүлгийг гаргаж хүн тус бүрт илгээдэг. Үүний дагуу та орлогын мэдүүлэгээ төлсөн татварын хамт тусгай бэлэн маягтан дээр бөглөж татварын байгууллагад (IRS) 4 сарын 15-ны дотор илгээсэн байх ёстой. Татвараа бодох аргачилал заавар нь бас бэлэн ирдэг, хэрэв та учрыг нь олохгүй бол мэргэжилийн хуулийн конторт аваачад өгч болно. Тэнд таны татварыг бодоод татварын албанд илээнэ, та зөвхөн танилцаад гарын үсэгээ зурахад хангалттай, мэдээж хэрэг ийм үйлчилгээ үнэ төлбөртэй гэхдээ боломжийн, $20 орчим төлдөг. Ер нь Америкт хувь хүний оролгын хэмжээнээс хамаарсан шаталбараар татвар авдаг. Орлогынхоо бараг тал хүртэлх хувийг татварт өгдөг чинээлэг давхрага байна. Орлого багатай хэсэг нь холбооны татвараас бүрэн чөлөөлөгддөг тал ч бий.

Нийгмийн хамгаалал, халамжийн бодлого нь гадаадын иргэдэд хэрхэн үйлчилдэг вэ?

Америкт оршин суух хууль ёсны зөвшөөрөлгүй ч нийгэмийн халамжийн хүрээнд зарим талаар хамрагдаж чадна. Жишээлбэл ажил, орлоггүй ядуу хүмүүст үйлчилдэг буяны байгууллагын эмнэлэгт үзүүлэх, зарим нэг эмчилгээ хийлгэх, бага орлогтой хүмүүст тусалдаг төрөл бүрийн программд хамрагдах зэрэгт та юун хүн бэ гээд тэр бүр шалгаад буцаагаад байдаггүй. Гудамжинд тараадаг үнэгүй хоолны дараaлалд зогсож хооллодог, орон гэргүй хүмүүс очдог (shelter)-т хоног төөрүүлдэг Монгол хүн ховор, Энэ бол нилээн доод түвшин л дээ, гэхдээ хүн ядарч аргагүй бaйдалд хэзээ ч орж болно. Харин улсаас иргэддээ олгодог ажил орлоггүйн тэтгэмж (ойролцоогоор сарын $300-600 ), байр орон сууцны хөнглөлт зэрэг олон төрлийн хөнглөлт бидэнд яаж олдох вэ. Бага дунд сургуульд хүүхдийг статус харгалзахгүй авч сургадаг хуультай, сайн суралцвал элдэв тэтгэлэг (Shcolarship) олддог, бага орлоготой айлын хүүхдэд зориулсан эрүүл мэндийн боломжийн сайн программд манайхан хамрагдаж чадаж байгаа гээд олон зүйл байна.

Арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, мэргэжил мэдлэг, шашин шүтлэгээр ялагварлан гадуурхах үзэл хэр хэмжээнд байдаг вэ, ийм байдал гадаадын иргэдэд мэдрэгддэг үү?

Надад өөрт тийм сүртэй явдал тохиолдож байсангүй, тэгээд ч энд тэнд явж элдэв хүрээнд бараг ороогүй хүн тул намайг хэн тоох вэ. Гаднын цагаачдад Кальфорн муж хамаагүй ээлтэй гэдэг үг үнэн байхаа, Ер нь энд та Монгол хүн үү гээд хөл алдаад байх ч юмуу эсвэл хөөж туугаад байдаг тийм юм байхгүй. Гэхдээ зарим нэг мужид гадныхныг илт ялгаварлан гадуурхах байдал ажиглагддаг, мэдрэгддэг гэж хүмүүс ярихыг сонсож байсан ч өөрөө үзээгүй болохоор хэлэх юм алга байна.

Америкийн аль нэгэн компани, байгууллагад гадаадын иргэн ажил хөдөлмөр хийе гэвэл тэрхүү боломж, нөхцөл нь хэр хангагдсан байдаг юм бол?

Эзэмшсэн мэргэжилээрээ сайн бэлтгэгдсэн, хэл усны бэрхшээл байхгүй бол гаднаас ажилтан авахаар сонгон шалгаруулж байгаа пүүс компанид хандан хүсэлтээ гаргаж болох байх л даа, гэхдээ би танайд ажил хөдөлмөр хийе, хангалттай боломж нөхцөл байна уу гэх хаашаа юм. Интернэтээр дамжаад Монголоос хаашаач хандах боломжтой болсон цаг. Гадаадаас авах шаардлагатай мэргэжилтний визийн тоог нэмэгдүүлэх хүсэлтээ Америкийн томоохон компаниуд илэрхийлж байгаа тухай уншиж байсан. Гаднаас авсан мэргэжилтэн боломжийн цалин хөлс, нөхцөлөөр арай илүү үр бүтээлтэй ажилладаг учраас эрэлт хэрэгцээтэй болдог байж мэднэ. Гэхдээ энд ажлын байрны төлөөх өрсөлдөөн бол мундаг шүү дээ. Сайн мэдэх найз нөхдийнхөө хүрээнд харж байхад Ш.Баатар маань Японд 7 жил комьпютерийн чиглэлээр амжиллтай суралцаж цол хамгааласан (Ph Doctor) дараа нь Америкийн Бостонд Харвардын их сургууль төгсөж байж эндхийн комьпютерийн компанид ажилд орж байсан. Кальфорнын Левермор хот дахь Цөмийн физикийн хүрээлэнд залуу гэр бүл Д.Дашдорж, А.Ундраа нар ажилладаг. Хоёулаа Норд Каролинагийн их сургуульд (Ph Dr) хамгаалсан. Тэд одоо цөмийн физикийн томоохон төсөл удирдаад явж байна. Америкийн компниудад мэдлэг мэргэжилээрээ шалгаран үр бүтээлтэй ажиллаж байгаа 200 орчим Монголчууд бий. Ер нь Америкт саяхан орж ирээд амжилтанд хүрсэн цагаачид маш их. Оросоос ирсэн жүүд гаралтай хүмүүс Америкт нэртэй том олон компанийг үүсгэн байгуулсан байдаг. Тухайлбал Google –ийг үндэслэгч ах дүү Брин, Pаy Pal-ыг үндэслэгч Максим Левшин нар одоо дөнгөж гучин нас шүргэсэн залуучууд байна.

Ногоон картны сугалаанд оролцох боломжийн талаар Монголд сүүлийн жилүүдэд их сурталчилдаг, нэг хэсэг хүмүүсийн бизнес болчихсон. Ногоон карт хожсон хүмүүсийн өмнө бодит байдал дээр ямар ямар боломж, үүд хаалга нээлттэй байдаг юм бэ?

АНУ-ын засгийн газраас жил бүр олгодог ногоон картын сугалаанд хамгийн олон квот авч чаддаг цөөхөн орны нэг манайх учраас энэ боломжийг ашиглах хэрэгтэй юм, энэ жил 141 монгол хожлоо гэсэн байхаа, Хятад, Энэтхэг, Индонез зэрэг хүн ам ихтэй орнуудыг оролцуулдаггүй бодлого барьдаг юм билээ. Уг сугалаанд хувь хүн өөрөө материалаа бүрдүүлээд ямарч үнэ төлбөргүй оролцон азаа үзэх бүрэн боломжтой, интернэтэд дараах хаягаар ороод үзээрэй, www.dvlottery.state.gov энд байгаа асуултуудын дагуу алдаагүй зөв бөглөөд стандарт шаардлаганд нийцсэн фото зурагаа оруулаад л гүйцээ. Энэ ажлыг таны өмнөөс хийж, зураг хөрөгийг тань авч илгээх үйлчилгээ үзүүлж байгаа бол тохирсон хөлсөө авч болно л доо, Үүнээс илүүгээр бизнес болгоод хийх боломж ч байхгүй, тэр хүмүүсээс ямарч хамраалгүй зүйл шүү дээ. Ногоон карт хожиж ирээд ажил амьдрал нь тэгшрээд явж байгаа монгол гэр бүл олон бий, Суглаагаар ногоон карт хожсон хүмүүсийг ирэнгүүт нь амьжиргааны тэтгэмж, байр сууц олгоод нэг жилийн хугацаанд хэлний курс сургуульд шууд явуулдаг. Энэ хугацаанд наад захын хэл устай болоод ажил хийх эрхтэй болдог тэгээд л хувь хүн ийм боломжин дээрээс тодорхой байр сууриа олдог юм шиг билээ. Тэдний хувьд албан ёсоор ажиллаж амьдрах эрх нь байна, бүх зүйл нээлттэй, харин ялимгүй хэрэг зөрчил гаргавал эрхийг нь цуцлаад хэдхэн хоногийн дотор Америкаас гарч явахыг шаарддаг гэсэн.

Америкийн хууль дүрэм, цагаачдын талаар явуулж буй бодлогын талаар ярилцъя.

Угаасаа гаднын цагаач иргэдээс бүрэлдэн бий болсон улс гүрэн хэдий ч хууль бусаар орж ирсэн, бичиг баримтгүй цагаачдын тоо өссөөр арав гаруй саяд хүрсэн тул Америкийн нийгэмд хамгийн их бугшмал эмзэг асуудлын нэг болсон. Хөрш зэргэлдээ Мексикээс элдэв замаар хил даван орж ирдэг хөлсний ажилчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр байгаа тул энэ байдлыг цаг алдалгүй таслан зогсоож хилийн харуул хамгаалалтаа чангатган дотооддоо байгаа бичиг баримтгүй цагаачдын асуудлыг бүрмөсөн шийдэх олон хувилбарууд Америкийн хууль тогтоох дээд байгууллага конгресс дээр хэлцэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ бичиг баримтгүй цагаачдын дунд Америкийн аюулгүй байдалд заналхийлсэн терористууд орогнон нуугдах аюулаас сэргийлэх, бүх цагаач иргэдийг бүртгэлтэй болгож хяналт тогтоох, хууль бусаар хил нэвтрэх замуудыг бүрмөсөн хаахыг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Одоогоор ил тод хэлцэгдэж байгаа хэд хэдэн хувилбаруудын нэг нь Зочин (TVR) ажилчны программ (Guest worker programm) байна. Гол санаа нь Америкт нэгэнт орж ирсэн бичиг баримтгүй, ажиллах эрхгүй бүх цагаачдыг гэмт хэрэг, татвар төлөлт зэрэг олон үзүүлэлтээр шалган бүртгэж зохих торгууль оногдуулан эхний ээлжинд Америкт 3 хүртэл жилийн хугацаатай ажиллаж амьдрах зөвшөөрөл олгох тухай яригдаж байгаа. Энэ хугацаандаа ажлын байраа баталгаажуулан ажиллаж амьдрах чадвартай болохоо бүрэн нотолж чадвал дахин 3 жилийн сунгалт хийсний дараа байнга оршин суух эрх авахаар өргөдөлөө гаргаж болохоор заасан. Ерөнхийлөгч Бушийн зүгээс бас энэхүү төслийг дэмжин санал болгож байгаа гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хувилбар, гадаадын бичиг баримтгүй бүх иргэдийг шууд баривчлан албадан гаргахаар заасан төслүүд ч байгаа гэдэг.

Таны хувьд Америк ямар орон бэ?

Хүчирхэг том гүрэн гэдэг ойлгомжтой, эдийн засаг, цэрэг зэвсгийн потенциaл, хөгжил дэвшил, дэд бүтэц, зам тээвэр, холбоо харилцаа, байгалын баялаг, дотоодын нөөц бололцоо гээд бүгд л агуу том, Америкчуудын унах дуртай машин тэрэг нь хүртэл том, хэрэглээ нь их нүсэр талдаа өөрсдөө ч голдуу биерхүү том хүмүүс байдаг. Гэхдээ л хүчирхэг том гэдэг харьцангуй ойлголт гэдгийг Америкт саяхан болж өнгөрсөн хэд хэдэн байгалийн аюул гамшиг харуулсан байхаа. Германаас айлчилж ирсэн нэг хамаатан маань эндхийн хүнсний бөөний дэлгүүр дотор Америкчуудын цуглуулаад явж буй 7 хоногийн хүнсийг харчихаад манай тэнд бол бүтэн сар элбэг хэрэглэх юм байна гээд инээж байсан.

Энэ орны хөгжлийн нууц юунд байна гэж та боддог вэ?

Хүний оюуны потенциалыг дээд зэргээр ашиглаж бас үнэлж чадаж байгаад бол уу, шинжлэх ухаан, техник, технологийн ололтуудыг нийгэмдээ,хэрэглээндээ маш шуурхай нэвтрүүлж шингээж чаддаг нь мэдрэгддэг. Энд хууль бүхний дээр байж бүх юм хуулийн хүрээнд зохицуулагдаж байна. Ажил хөдөлмөр хийгээд авч байгаа цалин мөнгө амьдрал ахуйд нь хүрэлцэж байгаад бас их учир байнаа.

Нутаг сэлгэн суурьшснаас хойш таны үзэл бодол, сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Бидний үеийнхэн бол нийгмийн хөгжлийн маш сонирхолтой үе шатыг дамжиж байна гэж боддог. Зөвхөн социализмын ялалтын төлөө явсаар байгаад дууссангүй, ардчилал, чөлөөт зах зээл, тэгээд хүсэж тэмүүлээд ярьж бичээд байсан тэр өрнөдийн нийгэмдээ ирлээ, үзлээ. Нэгэнт тогтсон үзэл бодол, сэтгэлгээ, өссөж хүмүүжсэн орчин ахуй гэдэг амь бөхтэй байдаг юм байна. Америкчуудын хувьд энгийн хэвийн гэдэг зарим зүйл бидний хувьд яагаад ч ойлгомжгүй юм шиг санагдах үе ч байна. Мэдээж эндхийн хэмжээ стандарт, ажлын арга барил, цаг хугацаа, тавигдах шаардлага гээд наад захын олон зүйлийг шуурхай мэдэж авч эзэмших хэрэгтэй байсан. Гэхдээ бидний өмнөх нийгэмдээ сурсан мэдсэн бүхэн багаддагүй л юм билээ. Ядархад Оросоор яриад хэл нэвтрэлцэх жишээтэй.

Та хэзээ нэгэн цагт нутагтаа эргэн ирэх үү, Монголдоо ирээд юу хийж бүтээе гэж боддог вэ?

Найз нөхдийн хүрээнд ярилцаж суухад хэзээ буцаж явах вэ гэдэг асуулт заавал гардаг. Энд тогтвортой ажил хийгээд хэдэн жил явбал яахав тодорхой хэмжээний мөнгө цуглуулж чадах байх, тэглээ гээд нас жар дал гарчихсан хойноо Буянт Ухаад буугаад дараа нь юу хийх вэ, 2 үнээ аваад Дамбадаржаад нэг хашаа авах уу? аягүйтвэл хэн нэгэн Солонгос, Хятад эзнээс худалдаж авах болчих гээд байна шүү дээ цаана чинь гэж бас ярилцдаг. Америкт суугаа Монголчуудын нэг хэсэг нь нэгэнт энд тодорхой цаг хугацаа авсан цаашдаа ч болоод бүтээд явна, одоо Монголд очоод байр сууриа олоход хэцүү гэсэн бодолтой байхад, одоо очвол яах вэ болж байна, орох орон, унах машин, өмсөх хувцас, идэх хоолтойгоо хойно болох бизээ гэж ярих хүн ч олон байгаа. Ер нь бол ирж буцдаг хууль ёсны эрхтэй болчихвол олон боломж гарна л даа, адаглаад амьдралын хэрэгцээ шаардлагаар очиж чадалгүй олон жил уулзаагүй удсан үр хүүхдүүд дээрээ эх нь, эцэг нь яваад очих юм, энэ бол бидний дунд байгаа бодит амьдрал. Миний хувьд Америкт гэр бүлээрээ амьдарч байгаа Монголчуудын нэг. Үр хүүхдээ энд сургууль соёлын мөр залгуулах нэг зорилго бас байх юм. Монголдоо ажиллаж амьдрах хүсэл их байна, өөрийн хэмжээнд хийж бүтээх санаатай явдаг зарим нэг зүйлээ чадан ядан эхлээд явж байгаа гэж боддог.

Монгол орон ядуу буурай байгаа шалтгааныг та юу гэж боддог вэ?

Жирийн иргэдээ төр нь дэмждэггүй, жишээ нь хөлсний ажил хийж амьдралаа дээшлүүлэх гэсэн ядарсан иргэдээ хариуцсан сайд нь гаднынхантай нийлээд луйвардаж дараа нь шүүхээр цагаадаж байдаг, төрийн сайд нь зам дээр хэв журам сахиулахаар зогсоосон цагдаагаа зодож байдаг, монголын газар шорооноос эрдэс баялаг олзворлох эрхийг хэдхэн тооны сайд түшмэд үгсэн хуйвалдаж гадныханд худалдаад авсан хахуульдаа баярхан цадаж байхад амьдрахын эрхээр алт угааж яваад шороонд дарагдан үхэж байдаг, улс орноо барьцаалан луйвар хийчихээд ерөнхийлөгч болно гээд зогсож байдаг, гаргасан хуулиа уландаа гишгэдэг, төрийн нэр барин баахан бараа бологчид дагуулаад үргүй зардал гарган дэлхийгээр хэрэн хэсэж явдаг. Олон шалтгаан байна. Нутаг дээрээ Солонгосуудад луйвардууллаа, Хятадуудад зодууллаа л гэнэ. Иргэдээ өмгөөлөх хамгаалах ёстой хариуцсан төрийн байгууллагын ажилтнууд нь ядуу дээр нь ёс суртхуунгүй байх юм. Гаднынхан юу ч хийсэн эднийг хэдхэн төгрөгөөр худалдаад авч болдог гэсэн ойлголттой болчихсон даварч байгаа жишээ олон болжээ. Иргэн нь ядруу, ходоод нь хоосон бол тэр улс ядуу шүү дээ, тийм улсын төрийн жолоо, эрх мэдлийг хамгийн луйварчин баячууд нь атгаж, хээл хахууль эрүүл бус тогтолцоо цэцэглэж байдаг жишээ хорвоогоор бишгүй нэг байна. Өнөөгийн бодит байдлыг зэрэгцэн мэдэрч нүдээр үзээгүй алсад суугаа хэдий ч Монголын нийгэмд нүүрлэн хөгжил дэвшилд маань гол саад болж буй зүйлийн талаар өөрийн бодлоо товч бичихийг оролдоё.

Авилгал
Дэлхийд дээгүүр данстай болсон нэг зүйл маань энэ. Монголд сая долларын хэмжээний хөрөнгөтэй хүн олон бий гэдэг, Одоо тэд хуулийн гадна (бүр хууль тогтоогчдын дотор ч цөөнгүй гэдэг), авилгалын торон сүлжээ дээр дооргүй хэрсэн Монголын нийгэмд тэд үнэхээр газардахгүй гэнэ. Өгсөн авсан нь мэдэгддэггүй далд орлогын эх үүсвэр тул ярьж бичээд байгаа дан ганц шүүх, цагдаа, гааль төдийгүй тамга барьсан болгон авилга авдаг гэсэн хардлага нийгэмд хэдий нь тогтжээ. Манайд улс төрийн нам нь бизнесийн том корпорац бүлэглэлийн шинжтэй, төрийн яам нь хувийн компанийн шинжтэй болоод байх шиг.

Архидалт
Оруулсан мөнгөө хэд нугалдаг ашигтай хамгийн гүйлгээтэй салбар энэ гэнэ. Өсөж үржиж байгаа мөнгөнд ямар үнэр байх биш гээд боломжтой чадалтай нь энэ бизнесийг ил далд эрхэлж хот хөдөөгүй хэрэглэн мансуурч байгаа дүр зураг харагдах юм. Америкийн индианчуудыг архиар угжих аргаар элий балай болгосон тухай түүхэнд байдаг, бид харин өөрсдийгөө угжсаар ямар болох гээд байна вэ. Урд хөршөөс буруу замаар импортолсон спиртийг улсын цолтой бөх, цагдаагийн ажилтан нь дагаж хамгаалаад явж байсан ч гэх шиг. Арай дэндэж байна даа.

Ажилгүйдэл
Нэг найз маань энэ зун нутаг явж ирээд ярьлаа. Танил нь тоосгоны жижиг үйлдвэр байгуулаад ажиллуулдаг болжээ. Тэгээд дан Хятад ажилчидтай байх юм гэнэ, учрыг асуувал манайхан хариуцсан ажилдаа даанч хариуцлаггүй ханддаг, нэг мэдхэд хаяад алга болчихдог гээд л өмнөөс нь бөөн зовлон тоочиж. Хятад ажилчид цалин хоол хоёр байхад болоод байдаг гэжээ. Урд хөршөөс маш хямд ажиллах хүчийг харамгүй илгээж байгаа нь ямар нэгэн далд бодлого биш байгаасай. Энд төрийн оролцоо зохицуулалт гэх юм байна уу. Гэтэл Улаанбаатарт өнөө маргаашаа дөнгөж аргацааж явдаг өлөн зэлмэн давхрага хэдий нь үүсэн бий болсон байна, арга ядхад хоногийн хоолоо дийлэх хөлстэй ажил олж хийхийн оронд хог ухаад амь зогоож явах юм гэж ярьсан нь нэгийг бодогдуулж байлаа.

Гэмт хэрэг
Ядуурал газар авч нийгэмд бухимдал туйлдал ихсэх тусам харгис хэрцгий шинжтэй гэмт хэрэгүүд шил даран гарсаар байгааг өдөр тутмын мэдээлэлээс харж болно. Залилан, хууран мэхлэгчид олширч зангиа зүүсэн дарга нарын дундаас ч цөөнгүй илрэх болов. Тэгээд ч хэв журмыг сахиулах үндсэн үүрэгтэй яам нь өдий хүртэл толгойлсон сайдгүй явааг юу ч гэж ойлгомоор юм дээ.

Бид ийм байдлаасаа хэрхэн гарах вэ, таны бодолд уяатай байдаг санаа онооноосоо хуваалцана уу?

Яг ингэвэл ийм байдлаас гарна гэсэн загвар хаана ч байхгүй. Эргүүлж тойруулаад яриад байвал барагдахгүй. Хамгийн гол нь аль ч талдаа тогтвортой байдал чухал юм биш үү, Элбэгдорж Улаан хоёрын байрыг солих нь гол биш харин хэрхэн хамтран ажиллаад юу хийж бүтээж байна гэдэг л гол болов уу. Нэгэнт ярилцлагын маань үндсэн сэдэв энэ учраас санаа бодлоо хэлье. Болдог бол засгийн газрын ажилд намуудын оролцоо бага баймаар байна. Төрийн нэгэнт тогтсон бүтэцийг альч шатанд өчүүхэн зорилгын үүднээс эвдэх үзэгдэл гарах юм. Харин ч төрийн механизмыг хариуцсан эзэнтэй болгосон юм бол ажиллах боломжийг нь бүрэн олгох хэрэгтэй. Засгийн газрын тогтвортой ажиллагааг 2 нам гар гараасаа барилцан зогсоод хангаж өгөөч ээ гэж хэлмээр байна. Ерөнхий сайд, шадар сайд хоёроос эхлээд яам агентлагийн удирдлага нь аль нэгэн намын эрх ашгийг төлөөлөн ажил хэрэг явуулж байдгаа болих хэрэгтэй. Үүнийг нотлох олон жишээ өдөр тутмын сонин хэвлэлд алгасахгүй гарч л байдаг бараг тийм байх ёстой мэт ойлгогдохоор болсон. Нөгөө талаар ард түмний өлсгөлөн хэсэгийг өдөөн турхирч үймээн самуун дэгдээх хэрэггүй. Эмх замбраагүй байдал бол хөгжил дэвшлийн бас нэг гол дайсан. Поошиг нүдэж будаг цацаж байгаа нь өөрөө эрүүл нийгмийн үзэгдэл биш болуу. Яасан хийх ажилгүй завтай улс вэ гэж хэлэх гээд байна. Миний бодлоор ажилгүйдэлд төрөөс онцгой анхаарч жинтэй бодлого явуулах хэрэгтэй байна. Орох орон гэргүй, тогтсон ажилгүйн улмаас амьдралд хөлөө алдаж архи, гэмт хэрэг рүү гулсан орж байгаа залуу үеэ төр онцлон анхааралдаа аваасай, 40.000 орон сууцны хөтөлбөрийг хэсэг бүлэг хүний бизнес болголгүй жинхэнэ бүтээн байгуулалт болгож чадвал хөгжлийн нэг гарц яах аргагүй мөн. Иргэн хүн өөрт оногдсон газраа барьцаалан байр сууцаа барих боломжийг бүх талаар олгож банкнаас зээл авах механизмыг улам боловсронгуй хүнд сурталгүй болгох хэрэгтэй. Барьж босгож байгаа байшинд нь гүйцэтгэлээр тооцон цувуулаад санхүүжилт хийж болно. Хүн өөрийн гэсэн орон гэртэй болоод ирвэл өөд татахыг бодох нь зүйн хэрэг. Толгой хоргодох орон гэргүй хүнд хичнээн хямд үнэтэй бараа бүтээгдхүүн сурталчлаад хаанаа авч тавих юм. Эхлээд хашаа байшин байр сууцтай болчихвол гэр орноо тохижуулна, утас тавиулна, тэгээд цаашилбал компьютер авна биз дээ. Төр засаг залуучуудыг орох орон гэртэй болгоход онцгой анхаарна уу гэмээр байна. Үүний зэрэгцээ амьжиргааны жижиг дунд бизнесийг дэмжин тэтгэж үе шаттайгаар зээл олгодог, хөнгөлөлт үзүүлдэг тогтолцоог хөгжүүлэх хэрэгтэй байна. Жирийн иргэд өөрсдийн боломжинд тулгуурлан амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжийг төрөөс онцгойлон анхаарч хэрэгжүүлээсэй, энэ бол Монголын маань хөгжлийн хийх ёстой гарцын нэг юм шүү гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Эцэст нь хэлхэд туурга тусгаар улс маань хөгжин дэвших зөв зам дээрээ явж байгаа гэдэгт би итгэдэг. Бидэнд олж авсан тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө гээд хүн төрөлхтний хөгжил дэвшлийн суурь болсон үнэт зүйлс хангалттай байгаа шүү дээ.

Сайхан ярилцлага өгсөн танд баялалаа,

Эх сурвалж: www.gateway.mn

Continue reading →