2011/10/14

МакДональдсын амжилтын нууц

1 comments
 Дэлхий нийтийг байлдан дагуулсан стратеги боловсруулж, түүнийгээ гайхамшигтай амжилттай зохион байгуулж болохын сонгодог жишээ бол яах аргагүй МакДональдс. Энгийн нэгэн шарсан зайдсыг талхан завсар хавчуулаад, шарсан төмстэй зарахыг хэн ч хийж чадна. Тэр тусмаа МакДональдсын санааг хулгайлаад бизнес хийчихвэл бүр амархан. Гэтэл өнөөг хүртэл олон жилийн туршид Мак зах зээлээ хамгаалж чадаад зогсохгүй түргэн хоолны үйлчилгээний бизнесийг дэлхий даяар лавшруулан атгасаар байна.

Тэдний нууц юундаа байна вэ?
Компани бүр л янз бүрийн стратеги хэрэглэдэг. Зарим нь зардлаа бууруулж, хямд өртгөөр зах зээлд давамгайлах стра­теги сонгодог бол зарим нь тухайн нэг бүтээгдэхүүн дээрээ төвлөрдөг, ха­рин зарим нь ялгарч ажилладаг. Мөн за­рим нь шууд гадаад зах зээл дээр гар­даг, харин үлдсэн хэсэг нь бүс нутгийн хүрээнд төвлөрдөг.
Харин макдональдс эдгээрээс ям­рыг нь хэрэглэж ийнхүү амжилтанд хүрэв гэдэг нь тун сонирхолтой. Мак өнөөдөр дэлхий даяар тархсан 25 мянга гаруй рестораныг 5000 гаруй эзэм­шигчид франзайчингийн эрхээр нээ­чихээд бай­на. Тэдний жилийн ашиг сүүлийн 10 жи­лийн турш дунджаар 8% өссөөр ирлээ.
Тэд энэ бүхэнд хүрэхийн тулд товчхондоо бол:
• түргэн хоолны тусгай техно­логийг өдөр тутам шинэчилж,
• маркетингийн өвөрмөц стратеги, үйлчилгээний сонир­холтой хэлбэр нэвтрүүлж,
• олон орны ажилтнуудынхаа ололт, туршлагыг хооронд нь хуваалцаж,
• улс орнуудад салбар нээхдээ баримтлах нэгэн цогц шалгуур боловсруулж,
• түүхий эдээр хангах төвлөрсөн систем нэвтрүүлжээ.
одоо тэд ирээдүйд чанартай хүнс, дээд зэргийн үйлчилгээ, ариун цэврийн өндөр түвшин, хэрэглэгчид өгөх таашаалаараа түргэн хоолны зах зээлд тэргүүлж, номер нэг сүлжээ болно гэж төлөвлөж байна. ингээд тэдний баримталж ирсэн нууцаас дэлгэе.

Өсөлтийн стратеги
Хараахан бусдад “олзлогдоогүй”, сул чөлөөтэй байгаа зах зээлүүдийг маш эрчимтэй судалж, хурдан хугацаанд эзэмших. Ингэхдээ ихэвчлэн гадаад зах зээлийг. Тэд жилд дунджаар 1750 орчим ресторан нээдэг гээд үзвэл 5 цаг тутамд дэлхийн хаа нэгтээ Макийн франчайз ресторан байгуулагдаж байдаг гэсэн үг.
Ресторанууддаа шинэлэг хоол бэлтгэж, хэрэглэгчдийн дахин ирэх сонирхлыг нь төрүүлэх буюу нэг үйлчлүүлэгчийн орох дамвтамжийг нэмэгдүүлэх бодлого нь маш их үр өгөөж авчирсан. Ингэхдээ үнэ нь хэвээр атлаа порцийн хэмжээг нэмэгдүүлэх, мөн хүүхдүүдийг татах зорилгоор тоглоомын талбай байгуулах зэрэг нь ч нөлөөлсөн.
Дэлхийн аль ч өнцөгт байгаа ресторанууд нэг л стандартын хоол хийх ёстой учир түүхий эд ч гэсэн ижил байх ёстой. Иймээс тэд глобаль дэд бүтцээ сайтар судлан, байнга шинэ болом­жуудыг хайж, хөгжүүлж байдаг.

Франчайзинг стратеги

Туршлагатай, санаачлагатай, эрч хүчтэй, нэр хүндтэй байгууллагуудад франчайз эрхээ өгөх. Тэднийг McDonalds нэрийг өндөрт өргөн авч явахад эхнээс нь тусгайлан бэлтгэж сургалт явуулдаг. Тиймдээ ч олон улсын зах зээл дээр амжилттай ажилладаг.

Байршил сонгох, барилга барих стратеги

Шинээр нээх рестораны байршил нь мэдээж хэрэглэгчдэд тохиромжтой, компанид ашигтай байх ёстой. АНУ-д бол ихэвчлэн олон хүн цугладаг, томоохон нисэх онгоцны буудал, эмнэлэг, их дээд сургууль, худалдааны төвүүдийг сонгодог. Харин гадаадад бол эхлээд хотын төвд салбараа нээж, McDrive нэртэй машины үйлчилгээ зохион байгуулж, үйлчлүүлэгчид машин дотроо гамбургер идэх боломжоор хангана. Ингээд хүмүүс дасаад ирмэгц хотын бусад хэсгүүдэд нээдэг. Хангамжийн материал, барилгын материал зэргийн өртгийг бууруулахын тулд бөөнөөр нь худалдан авч, төв цэгээс франчайз нээх эрхтэй хүмүүстээ нэгдсэн шугамаар хангадаг. Тиймээс ч ресторанууд нэг загвар, стандартынх болдог. Ресторанууд өнгө үзэмжтэй байхаас гадна хүүхдийн талбай, машин зэрэг нэмэлт тохитой үйлчилгээнүүдийг санал болгож хүмүүсийг татах ёстой.

Хоолны иж бүрдлийн стратеги
Тодорхой тооны хоолыг л санал болгох бөгөөд эдгээрийнхээ амтыг сайжруулах тал дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэн ажиллана. Өөрөөр хэлбэл олон зүйлд хүчээ тарамдуулах биш, чад­даг зүйлээ хийсэн шиг хийнэ гэсэн үг.
Мөн эрүүл хүнсэнд санаа тавьдаг хүмүүст зориулан шинэ төрлийн түргэн хоолыг байнга эрэлхийлэх. Тухайлбал тахианы шарсан мах, мексик салат, пицца гэх мэт.
Хүмүүсийн таашаалд төдийлөн нийцэхгүй байгаа хоолыг тэр дор нь худалдаанаас гаргаж, харин хүмүүсийн сонирхож байгаа бусад шинэ төрлийн хоолуудыг санал болгох. Ингэхдээ өөрийнхөө болон бусдын алдаанаас түргэн суралцана.

Рестораны дотоод зохион байгуулалт

Мак гэдгийг товчоор илэрхийлбэл өндөр чанартай хоол, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, түргэн үйлчилгээ, эелдэг харилцаа. Үүний дээр “Зөвхөн танд зориулсан” гэсэн ойлголтыг байнга өгч, шинэчлэл, компьютерчлэл, ролик дугуй гэх мэт эрч хүчтэй сэтгэгдлийг төрүүлэх.

Худалдаа, маркетинг

Худалдааны тэмдэгтээ хүмүүст хоногшуулахын тулд Рональд Макдо­нальд хүүхэлдэйг ресторандаа байр­луулах, аяга, сандал дээрээ Mc гэсэн бичгээ наах нь рестораны имижийг тодорхойлж өгдөг. Мөн хүмүүс Макдональдсын бүтээгдэхүүний бүх орц, найрлагын тухай мэдэх боломжийг 100% хангадаг.

ПиАр
Хүүхдүүдийн сэтгэлийг татахын тулд тэдэнд зориулан сургалт, хандив, аян зэрэг нийгмийн туст ажлуудыг зохион байгуулдаг. Мөн тухайн бүс нутгийн хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарч туслалцаа үзүүлэх, санхүүжүүлэх , ивээн тэтгэх ажлуудыг хийдэг.
Эдгээрээс хамгийн нэр хүндтэй нь “Рональд Макдональдын гэр” нэртэй эмнэлэгийн байр юм. Энэ нь хотоос хол газраас эмчлүүлэхээр ирсэн өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийнхнийг энэ  байрандаа түр байрлуулдаг юм. Ийм зорилготой байр 1995 онд 12 оронд 168 салбартай болоод байсан.
Компани мөн тухайн орондоо нэр хүндээ нэмэгдүүлэхийн тулд аль болох нийгмийн эмзэг хэсэг, эмэгтэйчүүд, цөөнхийг ажилд авахыг дэмждэг.
Мөн оюутнуудын сургалтад зориулж  төрөл бүрийн тэтгэлэг олгож, шагнал өгөх бодлого баримталдаг.
Улс орон бүр гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд төрөл бүрийн байгальд хортой үйл ажиллагаанаас нь сэргийлж “харддаг” нь хууль. Иймээс Макчууд ажилтнууддаа хүрээлэн байгаа орчин, экологи хамгаалах талаар байнга сургалт хийж, төрөл бүрийн аян, хөдөлгөөн өрнүүлдэг нь энгийн оршин суугчдад ихээхэн таалагддаг.

Боловсон хүчний стратеги

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллах ажилтнаа сонгон шалгаруулах, сургах, нэг хамт олон бүрдүүлэх, шагнах, урамшуулах, карьер ахих боломж олгох, оюутан-ажилчиддаа тохируулсан уян ха­тан ачааллын график зохиох зэрэг нэгдсэн систем нэвтрүүлсэн нь гайхамшиг.
Хөдөлмөрч ажилсаг, сайхан ха­рил­цаатай залуусыг хагас цагаар ажил­луулж, харилцааны соёл, худалдаа үйл­чил­гээний маркетинг зэрэгт сурал­цуул­даг учир залуус Макт хайртай байдаг.
Мөн тэд менежерүүддээ зориулан түргэн хоолны газрын франчайз, үйлчилгээ, худалдааны маркетинг, менежментийн нэгдсэн тусгай сургалт зохион байгуулж, энэ талаар их дээд сургуулиудтай гэрээгээр хамтран ажилладаг. Жишээ нь Иллинойс, Герман, Англи, Австрали, Японы их дээд сургуулиудтай урт хугацааны гэрээ хийсэн байдаг.
Энэ бүх бодлого, менежмент нь тус компанийг амжилтанд хүргэсэн гол нууц нь аж. Манайханд сурах, үлгэр дууриалал авах зүйл ч их байна шүү.
Continue reading →